Мэндчилгээ

Профессор НАКАНИШИ ЮҮЖИ
“Монгол Коосэн” Технологийн коллежийн
Удирдах зөвлөлийн дарга
Мэргэжил бүхэн сайхан. Мэргэжлээ сонгохдоо хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Бусдад хэрэгтэй, бусдын төлөө, цаашилбал улс эх орныхоо төлөө, хүн төрөлхтний төлөө би хэрэгтэй ажил хийх юм сан гэж бодож мэргэжлээ сонговол маш сайн. Техник, технологи, автомашин, хөдөлгүүр сонирхдог хэрнээ “Би ч математиктаа тааруухан даа”, физикийн хичээлдээ дуртай боловч “Даалгавраа хийж амждаггүй юм чинь, инженер болж чадахгүй
байхдаа” гэж боддог хүүхэд байдаг.Хэрэв тийм бол эмээх зүйлгүй инженерийн мэргэжлийг сонгохыг зөвлөж байна. Хүн аливаа зүйлийг оролдсоор байгаад чаддаг болно. Тасралтгүй үргэлжлүүлж, бэрхшээлээс шантрахгүй байх хэрэгтэй. Бид техникийн ур чадвартай, онолын цогц мэдлэгтэй, зохион бүтээх сэтгэлгээтэй, хүнлэг энэрэнгүй инженерийг өсгөн хүмүүжүүлэхийг зорьдог.
Хүүхдүүд та бүхэн инженер болж, мөрөөдлөө бүтээгээрэй!

М. Сэргэлэн
“Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал
“Монгол Коосэн” Технологийн коллежийн эрдэмтэн багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгч хамт олноо төлөөлөн мэндчилье.
Бид Япон улсын инженерийн боловсрол олгодог “Коосэн” тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болсон байна.
“Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг. Хөгжимчин, балетчин болохын тулд бага ангиасаа эхлэн суралцдаг. Үүнтэй адил инженер болохын тулд хүүхэд наснаасаа эхлэн суралцах ёстой. Хүүхэд насны гэгээн мөрөөдлөөрөө жигүүрлэн, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх, бага насны мэдрэмжээ мартахгүй байх нь зохион бүтээгч, инженер хүний зайлшгүй чанар гэж хэлж болно. Коосэнд 15 настай хүүхэд элсэж ороод, 5 жилийн хугацаанд инженерийн мэргэжлээр суралцаж, 20 настай инженер болон бэлтгэгдэж гарна. Коосэн нь өөр улс, оронд байдаггүй гагцхүү Японд л байдаг боловсролын өвөрмөц тогтолцоо юм. 1960-аад онд Япон улс коосэн тогтолцоог боловсролынхоо салбарт нэвтрүүлснээр улс, орныхоо эдийн засаг, аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийг хангах инженерийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан билээ.
1972 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ үеэс эхлэн хоёр улсын улс төр, соёлын харилцаа, хамтын ажиллагааны үндэс тавигдсан байдаг.
Монгол залуус 1980-аад оны эхэн үеэс Японы их, дээд сургуульд суралцаж эхэлжээ. Японы “Коосэн” буюу Технологийн коллежид анхны монгол оюутан 1991 онд элсэн суралцсанаас хойш өдий хүртэл 500 гаруй залуус төгссөн байна.
Японы Коосэн төгссөн эдгээр залуус Монголдоо коосэн байгуулах хөдөлгөөн өрнүүлж, 2008 онд “Коосэн клуб” байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөдөлгөөн өргөжиж “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан”-гийн дэмжлэгээр 2013 онд Техник Технологийн Дээд сургуульд “Коосэн” хөтөлбөрийн загвар анги нээсэн юм. Улмаар 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдаж, анхны оюутнаа элсүүлсэн билээ. Мөн 2014 онд “Шинэ Монгол Коосэн”, “ШУТИС-Коосэн” байгуулагдаж анхны элсэгчээ авсан билээ. Одоо Монголын 3 коосэнд нийт 800 гаруй оюутан суралцаж, 100 гаруй япон, монгол профессор, багш нар ажиллаж байна.
Манай оюутнууд их, дээд сургуулийн оюутны дунд болдог “Робокон”, “Ган гүүр”, “Автомат робот”-ын тэмцээн, Японы их, дээд сургууль болон коосэн дунд зохион байгуулагддаг “Дизакон”, “Айдиатон”, “Коосэн форум”, “Глобал Пи Би Эл” зэрэг уралдаан тэмцээн, хамтарсан судалгаа, семинарт идэвхтэй оролцож байна. Мэргэжлийн хичээл, сургалтаас гадна япон хэл, соёлыг шимтэн судалж, “Япон хэлээр хэн сайн дуулах вэ?”, “Япон хэлээр уран илтгэх”, “Япон хэлний ханз үсгийн наадам” зэрэг уралдаан тэмцээнд оролцдог оюутны тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.
Мөн манай оюутнууд Японы техник, технологи, шинжлэх ухаан, түүх соёлтой танилцах “Сакура сайенс”, “Женесис” хөтөлбөрт хамрагдаж Японд айлчилдаг билээ.
2017 оноос эхлэн манай оюутнууд Монгол, Японы үйлдвэр, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн төдийгүй сургуулиа төгсөөд Японы компанид инженерээр ажиллах урилга авч байна. 2019 онд манай сургуулийн анхны 64 оюутан төгссөн. Анхны төгсөгчдийн маань 30 хувь нь Японы компани, 50 хувь нь Монголын компанид ажиллаж, 20 хувь нь ИДС-д элсэн суралцаж байна.
Манай сургууль “Мөрөөдлөө бүтээе!” гэсэн уриатай. Манай коосэнгийн төгсөгчид урдаа тавьсан зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө оюун ухаан, бие сэтгэл, эрдэм мэдлэгээ дайчлан зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөгжил дэвшлийг авчрах болно.
Захирал М.Сэргэлэн
Сургуулийн уриа, эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараа
- СУРГУУЛИЙН УРИА
“Мөрөөдлөө бүтээе!”
- ЭРХЭМ ЗОРИЛГО
- ҮНЭТ ЗҮЙЛС
- АЛСЫН ХАРАА
Үндэсний болон Төв Азийн “коосэн” загварын тэргүүлэх технологийн коллеж болох
- ЭХ ХЭЛ
Бид эх хэлээ эрхэмлэн дээдлэнэ. Бид монгол хэлээр суралцаж, сэтгэж, ажиллах мэргэжилтэн бэлтгэнэ.
- ЭРДЭМ МЭДЛЭГ
Бид эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэнэ. Бид шинжлэх ухааны өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн оюунлаг мэргэжилтэн бэлтгэнэ.
Бид хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг, багаар хамтран ажиллаж, амьдрах чадвартай хүнлэг, ухаалаг иргэнийг төлөвшүүлнэ.

Үүсгэн байгуулсан товч түүх

Японд “коосэн” төгссөн А.Ганбаяр, Ш.Буянжаргал, Н.Ганбилэг, Б.Дэмчиг тэргүүтэй залуус Монголдоо “коосэн” байгуулах санаачилга гаргаж, 2008 онд “Коосэн клуб” байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөдөлгөөн өргөжиж “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ байгуулагдсан. Улмаар 2013 оны 10-р сард Техник, Технологийн Дээд сургууль Японы “Сасакава Энхтайваны Сан”-тай хамтран “Коосэн тогтолцоог Монголд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэн, ажиллахаар болсон билээ.
- Технологийн коллежийн тухай зүйл, заалт Монгол Улсын Боловсролын хуульд ороогүй байсан тул Нийслэлийн Боловсролын газраас ахлах сургуулийн зөвшөөрөл авч, Техник, Технологийн Дээд сургуулийн дэргэдэх Технологийн ахлах сургуулийг 2013 оны 12-р сарын 26-нд байгуулсан.
- Технологийн ахлах сургууль 2014 оны 9-р сард анхны суралцагчдаа элсүүлэн авсан.
- Монгол Улсын УИХ-ын 2016 оны 4-р сарын 14-ны чуулганаар Дээд боловсролын тухай хуульд Технологийн коллежийн тухай нэмэлт орсон.
- 2016 оны 5-р сарын 20-нд Технологийн коллежийн сургалт эрхлэх тухай тусгай зөвшөөрлийг олгох Боловсролын сайдын тушаал гарсан бөгөөд 2017 оны 8-р сард ТТДС-ийн харьяа “Монгол Коосэн” Технологийн коллеж БСБ байгуулагдаж, бие даасан сургууль болсон юм.
- 2019 оны 6-р сард “Монгол Коосэн” Технологийн коллежийн анхны 64 оюутан барилга, механик, цахилгааны инженер мэргэжлээр дээд боловсролын дипломын зэрэгтэй төгссөн.
“Монгол Коосэн” технологийн коллежийн үндсэн бодлого
“Монгол Коосэн” Технологийн коллеж нь Японы “Коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, сургалт, судалгаа, аж үйлдвэрийн салбарт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд суурь боловсролтой иргэнийг элсүүлж, 5 жилийн сургалтын хөтөлбөрөөр онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий дипломын зэрэгтэй инженерийг бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.
“Монгол Коосэн” Технологийн коллеж нь доорх 5 мэргэжлийг олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Цахилгааны инженер (C071304)
- Механикийн инженер (С071501)
- Барилгын инженер (С073202)
- Био инженер (С078803)
- Компьютерын ухааны инженер (С061301)

- Коосэнд дунд сургууль (9-р анги) төгсөгч элсэн суралцдагаараа бусад их, дээд сургуулиас онцлогтой.
- Коосэнгийн үндсэн ангид 5 жил суралцаад дипломын дээд боловсрол, ахисан төвшний ангид 2 жил, нийт 7 жил сурч бакалаврын зэрэг авна.
- Коосэн төгсөгч магистр, докторын сургалтанд дэвшин суралцах боломжтой.

- Курс ахих тусам ерөнхий эрдмийн хичээлийн цаг багасч, мэргэжлийн хичээлийн цаг нэмэгдэнэ.
- Дадлага болон туршилт дээр суурилан онолын мэдлэг олгоно.
Төгсөгчийн загвар
Төгсөгч нь МКТК-ийн сургалтын хөтөлбөрийн норм, кредитийг эзэмшсэн, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, дээд боловсролын дипломын зэрэгтэй инженер, ёс зүй, ёс суртахуунтай иргэн болж төлөвшсөн байх ёстой. Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
I.Хувь хүний чадвар (хүнлэг инженер)
- Хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, үнэнч шударга
- Ёс суртахуун, хүмүүжил төлөвшилтэй байх
- Байгаль, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах
- Монгол хэлийг төгс эзэмшсэн
- Хамт олон, багаар ажиллах
- Хувийн зохион байгуулалт, үүрэг, хариуцлага
- Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, харилцааны соёлтой байх
- Идэвх санаачилгатай байх
II.Мэргэжлийн чадвар (оюунлаг инженер)
- Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй
- Мэргэжлийн онолын мэдлэг болон практик ур чадвар эзэмшсэн
- Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг олон талаас нь судлах, дүгнэх, задлан шинжлэх, шийдвэрлэх
- Орчин үеийн технологийн хөгжлийн хандлагыг мэдрэх, өөрийгөө хөгжүүлж, үргэлжлүүлэн суралцах
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
- Инженерийн ёс зүй, хариуцлагатай байх
III.Глобал чадвар (ухаалаг инженер)
- Түүх, соёл, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
- Мэдээллийг хайх, хүлээн авч, боловсруулах чадвартай байх
- Япон хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх
- Мэргэжлийн хөрвөх чадвартай байх
Сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэл
МКТК-ийн сургалтын хөтөлбөр нь “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага”-д заасны дагуу хэрэгжинэ. Мөн Японы “коосэн”-гийн жишиг шаардлагыг сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлнэ. МКТК нь CDIO (Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх) стандартад суурилсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан оюутанд дараах мэдлэг чадварыг эзэмшүүлэх бодлогыг баримтална.
Сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэл:
I.Шинжлэх ухааны суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
- Түүх, соёл, нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох
- Инженер, техникийн болон мэргэжлийн онолын мэдлэг идэвхтэй сургалтын арга, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, лекцийн хэлбэрээр олгох
- Мэргэжлийн практик ур чадварыг лекц, семинар, туршилт, дадлагын хичээлээр дамжуулан эзэмшүүлэх
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх дадал, чадвар эзэмшүүлэх, төсөлд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх
- Сургуулийн лабораторийг сургалтын хөтөлбөр болон аж үйлдвэрийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгслийг зөв, аюулгүй ашиглаж, ажиллуулах чадвартай болгох
II.Хувь хүний болон мэргэжлийн зөв хандлагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх
- Хүнлэг, шударга, ёс суртахуунтай, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах хувь хүний чадварыг эзэмшүүлэх
- Хувь хүний болон инженерийн мэргэжлийн ёс зүй, харилцаа, хариуцлагын талаарх хичээлийг сургалтын хөтөлбөрт зайлшгүй тусгах
- Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг олон талаас нь судлах, дүгнэх, задлан шинжлэх, шийдвэрлэх чадварыг сургалтаар эзэмшүүлэх
- Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, харилцах чадварыг эзэмшүүлэх
- Хувийн зохион байгуулалт, үүрэг, хариуцлагыг төлөвшүүлэх
III.Хувь хүн хоорондын харилцааны чадвар олгох
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвар эзэмшүүлэх
- Багаар ажиллах, манлайлах, харилцааны соёлыг төлөвшүүлэх
- Мэдээллийг хайх, хүлээн авч, боловсруулах чадвартай болгох
- Япон, англи хэлний дунд төвшний мэдлэг олгох
IV.Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
- Үйлдвэрлэл, бизнес болон нийгмийн хүрээнд аливаа зүйлийг сэтгэн-зохион бүтээх-хэрэглэх чадвар олгох
- Бизнесийн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх
- Зохион бүтээх төсөлт ажил, дадлага хийх
- Орчин үеийн технологийн хөгжлийн хандлагыг мэдрэн, өөрийгөө хөгжүүлж, үргэлжлүүлэн суралцах чадвар эзэмшүүлэх.
Элсэгчид тавигдах шаардлага
МКТК нь дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:
I. Хувь хүний чадвар:
- Бие даан суралцах чадвар
- Багаар ажиллах чадвар
- Харилцааг эрхэмлэх чадвар
- Бусдыг хүндлэх чадвар
II. Бүтээх ухаан болон суурь мэдлэг
- Өгөгдсөн материалыг ашиглан өөрөө сэтгэн бүтээх чадвар
- Математик болон физикийн суурь мэдлэг
III. Хэлний чадвар
- Эх хэлний үгийн сангаа зөв ашиглан, өөрийгөө илэрхийлэх чадвар
- Асуудалд логиктой хандаж дүрэм, найруулгын алдаагүй найруулан бичих чадвар